СУРВАЛЖЛАГА
Тэртээх хөх уулсын дундаас нэгэн
Цаст хайрхан уул бусдаас өндөрт дүнхийн харагдах. Цэлмэг тэнгэрт ямар ч үүл алга. Нарны туяа цагаан уулын
оройд гялбаалан тусах нь уулыг улам сүрлэг үзэсгэлэнтэй харагдуулах аж. Миний
хувьд зурагнаас л харж бишрэн хүндэлдэг тэнгэрлэг тэрхүү уулын бэлд очихоор
зорьж яваа минь энэ. Бид Завхан аймгийн Отгон сумаар дайраад нэлээд бартаа
саадтай замаар явсаар Отгонтэнгэр хайрханы бэлд үдэш очиход өглөөн нарнаас
цэлмэгхэн байсан тэнгэрт үүл хурж, удалгүй бороо орж ширүүссэнээр хайрхан тэр
чигээрээ үүлэн дунд умбав. Хангайн оргил цэгийн дэргэд ирснийг мэдрүүлэх мэт
хүйтэрч, бороо орохтой зэрэгцэн манайхан ч майханаа барьж, дулаан хувцасаа
давхарлан өмслөө. Гадаа лав -2-3 хэмтэй байгаа байх аа. Харин нутгийн саахалт
айлын хүүхдүүд бараг нүцгэн шахам гэрээсээ орж гарч харагдана. Тэд Цаст уулын
энгэрт төрж, өссөн болохоор баргийн хүйтнийг ажрахаа байсан биз дээ.
Маргааш
өглөө нь ургахын улаан наран байгаль дэлхийг гэрэлтүүлэн мандахад сэрлээ. Бөх
унтжээ. Урд орой нь майхныг маань аваад хаячих шахам аашилж байсан цаг агаар
нам гүм. Ямар ч үүлгүй цэлмэгхэн хөх тэнгэр, өглөөн нарны туяагаа цацруулж,
Отгонтэнгэр хайрханы оройн цас цагааранхан харагдах. Монголын ард түмний буян
заяаг ивээлдээ аван дүнхийх Цаст цагаан уулыг “оригоор” харах нь юутай
гайхалтай вэ. Хүндлэм, бишрэм, хайрлам сэтгэл төрнө. Байгаль дэлхийтэйгээ ойр
өссөн монгол хүн бүрийн сэтгэлийг соронзон мэт татах энэ л эгэлгүй уул
нутгийнхны ярьдгаар үнэхээрийн амьд юм болов уу. Өнгөрсөн зургадугаар сард
болсон Отгонтэнгэр уулын Төрийн тахилгын үеэр Монголын бурхан шашинтны холбооны
тэргүүн хамба Д.Чойжамц “Биднийг уулын бэл доороос ирж явахад Отгонтэнгэр уул
яг л амьд юм шиг санагдсан. Үүлээр биеэ нуугаад бороо зүсрээд Монгол Улсын
Ерөнхийлөгчийг хүлээж авч байгааг нь харахад яг л амьд юм шиг. Ямар
гайхамшигтай юм бэ. Бид л сэтгэл зүрхнээсээ тахиж чадвал энэ уул ус гэдэг чинь
эзэнтэй юм байна гэдэг бодол төрж байлаа” гэжээ.
No comments:
Post a Comment